• 04 сарын 16, Пүрэв гараг
Баянхонгор: НИЙТИЙН СОНСГОЛЫГ УГТАЖ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНИЙ ОЛБОРЛОЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ, ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГЭЭР УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
91 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-аас “Иргэн таны хүч” ТББ-ын санаачилга, 770 гаруй иргэдээс гарсан санал хүсэлтийг үндэслэн ашигт малтмал, агаарын бохирдол, газар олголтын асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнгийн хяналтаар урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.28/ зохион байгууллаа.

Урьдчилсан хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, “Иргэн таны хүч” ТББ-ын тэргүүн Б.Өлзийбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллагын удирдлага, албан хаагч, сумдын удирдлага, уул уурхайн ААН болон иргэд олон нийтийн дунд чиглэл тус бүрээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд болох 120 гаруй хүн оролцов.

Урьдчилсан хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ “Иргэдээс гарсан санал дээр үндэслэн, тэдний мэдэх эрхийг хангахад чиглэж нийтийн сонсголыг тодорхой сэдвийн хүрээнд өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулах гэж буй"-гаа онцолсон бол Засаг дарга Д.Мөнхсайхан: “Ашигт малтмал тойрсон асуудалд бүх шатандаа холбогдох талууд ил тод, хариуцлагатайгаар оролцоогоо хангадаг, мэдээллээ солилцдог болоход нийтийн сонсгол чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.

Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын 103, хайгуулын 39, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл -1, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл -3 тус тус олгогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт 2313 хүн ажиллаж байгаагийн 850 нь орон нутгийнх аж.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох талууд мэдээллээ хуваалцаж, тодорхой асуулт, саналын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг урьдчилсан хэлэлцүүлэг нь ирэх сарын 16-нд болох нийтийн сонсголын бэлтгэл, хяналт болж буйгаараа онцлог юм.

2025-05-28 20:00:00