• 06 сарын 21, Ням гараг
“ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
224 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Миг Даатгал” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран “Эрсдэлгүй ирээдүй” сэдэвт сургалт, арга хэмжээг өнөөдөр /2025.05.28/ Баянхонгор хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, арга хэмжээ нь эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга зүй, ур чадварыг төлөвшүүлэх, улмаар хүүхэд, залуучуудад чиглэн ажиллах сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм.

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга У.Балжинням, Тээврийн цагдаагийн газрын дарга Т.Ерэнбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Өлзийсайхан нар оролцож, оролцогчдод хандан үг хэллээ.

Сургалт, арга хэмжээнд 20 сумын Засаг дарга, сумдын нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, хөдөө аж ахуйн тасгийн дарга нар, цэцэрлэгийн эрхлэгчид, сургуулийн нийгмийн ажилтнууд, дотуур байрын багш нар, эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон малчдын төлөөлөл нийт 279 төрийн албан хаагч, иргэд хамрагдаж байна.

Сургалтаар дамжуулан орон нутгийн иргэд, байгууллагуудын дунд эрсдэлийг танин мэдэх, түүнд бэлтгэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцолж байна.

2025-05-28 15:40:00