• 06 сарын 21, Ням гараг
ТЦҮЗГ-ЫН СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.АРИУНЗАЯАГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цахим засаглалтыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үр дүнтэй хүргэх зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.05.23/ Баянхонгор аймагт ажиллалаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, өсвөр үе, залуучуудаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ахлах ангийн сурагчдын "ХУРДАН" клубийг байгуулж, өнөөдрийн байдлаар улс даяар 1200 гаруй сурагчдыг эгнээндээ нэгтгээд байна.

Энэ хүрээнд тус ажлын хэсэг аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулж буй аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр, ахмад болон тусгай хэрэгцээт иргэдийн "Хурдан 24/7" клубийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцож, цахим ур чадварын сургалт, хөгжлийн талаар мэдээлэл хүргэв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр хүлээн авч, уулзан цахим засаглал, төрийн үйлчилгээний хүртээмж, цаашид сайжруулах, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн уулзалтад Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мөнхзаяа, ахлах мэргэжилтэн Д.Дэлгэрмаа болон бусад мэргэжилтнүүд оролцсон юм.

2025-05-23 22:30:00